2016-11-02
Зуны улиралд зүрх таны бие махбодыг удирдан жолооддог..
Дорнын анагаах ухааны онолын судар бичигт “Зуны гурван сарын эхний далан хоёр хоногт гал махбодьтой зүрхний судал, дараах арван найман хоногт шороон махбодьтой дэлүүний судал тус тус түгэн дэлгэрч бие махбодыг ээлжлэн удирдмой” гэж номлосон байдаг. Зун байгаль дэлхий дулаарч, хүний биед гал махбодьтой зүрхний судал дэлгэрснээр, бие нь халуун шинжтэй болдог учир, ухаант өвөг дээдэс маань энэ цагт сэрүүн, хүйтэн идээ, ундаа, сүү, тараг, айрагаар ундаалж, махыг маш багаар хэрэглэдэг байсан хооллолтын онцгой дэглэм, хөдөлмөрч чанар зэрэг нь зууны гамшиг хөдөлгөөний хомсдол, түүний хорт үр дагавар “зүрх судасны өвчнүүдээс” сэргийлүүлж байжээ. Амьдарлыг тэтгэгч амин эрхтэн зүрх зуны улиралд ачаалал ихтэй ажиллах учир ядрах, өвчлөх, ба хүндэрч амь насаа алдах ч тохиолдол байдаг. Манай улсад нас баралтын шалтгаанаар нэгдүгээрт зүрх судасны өвчин ордог.
Дэлхий дахинаа чимээгүй тахал гэж нэрлэгдэх энэ өвчнөөр АНУ-д гучин гурван секунд тутамд нэг хүн нас барж, жилд ойролцоогоор нэг сая хүн амь насаа алдаж, дөрвөн хүн тутмын нэг нь зүрх судасны, ямар нэг өвчтэй гэж оношлогддог. Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний зардалд жилд 286.5 орчим тэрбум долларыг зарцуулдаг аж. Цог золбоог бэлэглэх хүч болсон цохилох зүрхээ хайрлаж, чагнаж, тойлж баймааж эрхэм та эрүүл энх аз жаргалтай, урт удаан наслан, нарт хорвоод хүмүүний заяанд төрсөн, хувь төөрөг тань амгалан орших учиртай. Атгасан гарын хэмжээтэй зүйрлэгдэх алагхан зүрх тань нэгэн жилд дөчин сая удаа цохилж, таныг хөх мөнгөн тэнгэрийн уудам руу зуун жаран киломметрт хөөргөж чадах хүчийг бий болгогч “гайхамшигт үүсгүүр хөдөлгүүр” ажгуу. Зүрх нь биологи, биофизик, биохимийн шинжлэх ухааны онолын үндэслэлүүд суурилсан маш нарийн үйл ажиллагааг явуулдаг эрхтэн. Зүрхний үйл ажиллагаа нь бие махбодид цахилгааны, механикийн гэсэн хоёр үзэгдлийг үүсгэдэг.

Зүрхний бие бүтэц зүйн тухайд.

Зүрх нь цээжний хөндийд баруунаас зүүн рүү, хойноос урагш чиглэсэн байрлалтай оршдог эрхтэн бөгөөд, үр хөврөл тогтсоны дараах хоёр дахь долоо хоногоос үүсэн бий болж, арван нэг дэх долоо хоногоос урагын зүрх цохилж эхэлдэг. Бүтцийн хувьд баруун, зүүн, оройн гэсэн гурван хэсэгтэй, үйл ажиллагааны хувьд тосгуурын (atrium), ховдолын (ventricle), гэж хуваагддаг, дөрвөн хөндийт эрхтэн юм. Тосгуур ховдол нь хоорондоо мөгөөрслөг хавхлагаар тусгаарлагддаг. Зүрх нь бие махбодыг тэжээгч бүхий л тараагуур болон хураагуур судасны цогц уулзвар бөгөөд цусыг биед түгээгч гол шахуурга юм. Бие мах бодыг цусаар хангагч цөм эрхтэн боловч зүрхний өөрийнх нь цусан хангамж бусад эрхтэнийхээс эсрэгээр явагддаг цорын ганц өвөрмөц онцлогтой, давтагдашгүй зохицуулгатай эрхтэн юм. Үүнээс гадна зүрхний титэм судасны цусны эргэлт нь бүтэц зүй, үйл ажиллагааны талаасаа нилээд онцлогтой, зүрхийгээ тойрон ороож байдаг учраас үүнийг зарим эрдэмтэд “цусны гурав дах эргэлт’’ хэмээн үзэх нь ч бий. Зүрхний булчин нь эндокарди, миокарди, эпикарди гэсэн гурван давхаргатай. Хамгийн зузаан хүчирхэг миокардийн давхарга нь булчингийн гүн ширхгээс тогтох ба цусан хангамж нь бусад эрхтэнийхээс арав дахин их байдаг. Зүрхний булчинд ойролцоогоор дөч орчим миллиард булчингийн эд эс орших бөгөөд эдгээр нь зүрхний булчинг агшаах үүрэгтэй. Зүрхний үйл ажиллагааг сэрлийн талаас нь “синусын зангилаа” ба “тосгуур ховдлын зангилаа” гэж бас хуваах бөгөөд, тус тусдаа маш нарийн зохион байгуулалттай төв мэдрэлийн системээс хараат бус ажээ. Зүрхний мэдрэлжилт нь вегататив (ургал) мэдрэлийн (n.vagus) тэнэгч мэдрэлийн ширхэгээр мэдрэлжинэ.

Зүрхний үйл ажиллагааны тухайд.

Зүрх нь…
автомат чанар,
сэрэх чанар,
сэрэл дамжуулах чанар,
агших чанар зэрэг үүргүүдийг гүйцэтгэнэ.

Зүрхний үйл ажиллагаа нь мэдрэл-дотоод шүүрлийн замаар зохицуулагдаж, “Цусны их, бага эргэлт’’ийг таныг хорвоод мэндэлсэн алтан мөчөөс эхлэн, амьсгал хураан таалал болтол зогсолтгүйгээр гүйцэтгэдэг “аугуу их хүчин” амин эрхтэн билээ. Зүрх судасны систем нь цусны эргэлтээрээ хүний биеийн бүхий л хэсэгт хүчилтөрөгч болон тэжээлийн бодисыг зөөвөрлөн түгээж, бие махбодиос нүүрсхүчлийн хорт хийг, тухайлбал уушиг, бөөртэй хамтран гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ.

Дорно дахины анагаах ухааны сударт зүрхний үйл ажиллагааны тухайд өгүүлсэнээс товчлон толилуулахад.

Зүрх нь цээжний өмнө гол шугаманд, эх хүүгээ тэвэрсэн мэт уушиг нь зүрхээ тэвэрч, зүрх нь хаан мэт оршдог. Зүрх шим хүчийг хувиарлан захирдаг учир бусад эрхтэн эрхшээлд нь оршино. Амь насыг баригч түшиг эрхтэн. Зүрхэнд түгмэл гүйгч гэдэг хий байх ба, уг хийн түрэлтийн хүчээр зогсолтгүй ажиллаж бүх биед цусыг түгээж, зүрхэнд хурсан идээ ундааны охь шимийг бүх биед тараан хувиарлах, цөвийг (ялгадас) сав эрхтэн рүү (давсаг, бүдүүн гэдэс) хүргэх гол үүрэгтэй. Энэ хий нь бас зүрхэнд охь шимийг хураах, биеийг хөдөлгөх, сүв мөрийг нээх зэрэг үйлдэлтэй. Бүтээн үйлдэгч шар нь зүрхэнд байх ба оюун ухааныг нээх, хурцлах, баатар зоригыг, хэрэг явдалд шамдах хүчийг, омог бардалыг төрүүлэх зэрэг сэтгэлийн үйлүүдийг үйлддэг. Хүний хийморлог, сүр жавхлан төгөлдөр, зүс царай гэрэлтэй тунгалаг байх нь эрүүл зүрхний “ач” гэжээ. Онолын сударт цул эрхтэн нь өөрийн үйл байдлаа харуулах нэгэн эрхтнийг дагуулан байдаг, уг дагуул эрхтнийг түүний “цэцэг” гэх ба зүрхний цэцэг нь “хэл“ бөгөөд, хэлний өнгө, өнгөрөөр нь зүрхний үйлийг танин оношилж болно гэжээ. Түүнчлэн мэдрэхүйн таван эрхтэн болон зүрхний үйл ажиллагаа хоорондоо салшгүй холбоотойг онцлон дурьджээ. Зүрх гал махбодьтой гэсэн монгол түвдийн анагаах ухааны онолын томъёололыг өрнийн шинжлэх ухаан баталсан гэхэд болох буй. Хүний биед зүрх, эрэгтэйд түрүү булчирхай, эмэгтэйд өндгөвч нь зэрэг нь бусад эрхтнүүдээсээ халуун байдаг аж. Зүрх нь 38,8-39,1 хэмийн халуунтай байдаг гэж Нобелийн шагналт эрдэмтэд нотолсон билээ. Түүнчлэн “Сорогзин норов” (Амь баригч зэндмэнэ эрдэнэ), “Сампал норов” (Сэтгэлийн үйлийг арвидуулагч зэндмэнэ эрдэнэ) хэмээн нэрлэгдэх Монгол – Түвдийн эмийн найралтууд нь зүрх судасны өвчний үед өндөр үр дүнтэй байгааг шинжлэх ухааны судалгаа батлан нотолсоор байгаа билээ.

Зүрх судасны өвчин үүсгэх шалтгаан нөхцөлүүдийн тухай.

Цусны даралт ихдэх.
Цусан дах өөх тосны хэмжээ ихсэх.
Тамхидалт.
Хөдөлгөөний хомсдол.
Таргалалт.
Чихрийн шижин.
Стресс.
Удамшил.
Насжих (өтлөх) эрэгтэйд 40-өөс, эмэгтэйд 45-н наснаас зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал ихтэй.


Зүрхний судасны өвчний үед гарах шинж тэмдгүүд.

Амьсгал давчдах.
Цээж дүүрэх бачуурах.
Цээжээр өвдөх,өвдөлт хүзүү, мөр, зүүн гар руу дамжиж өвдөх, өвчүүний ар руу өвдөх, xоёр далны хооронд өвдөх.
Толгой өвдөх, эргэх.
Хүйтэн хөлс гарах.
Цээжээр хатгуулах таагүй мэдрэмж төрөх.
Хавагнах
Царай цонхийх
Ухаан балартах, түр муужрах, унах зэрэг шинж тэмдгүүдээс гадна, өвчин хүндэрсэн тохиолдолд ойр ойрхон шээж байснаа ихээр шээх, судасны лугшилт хэт олшрох, тоолж болохгүй болох, түүнчлэн гол судасны хатуурлын үед ханиах, хоолой сөөх, оюун ухаан муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.


Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн түлхүүр зарчим

Цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах 12080.
Цусан дах өөх тосны (холестрол) хэмжээг зохистой хэмжээнд байлгах.
Хөдөлгөөн биеийн тамир дасгалыг эрхэмлэх.
Биеийн жинг барих таргалахаас сэргийлэх, тарган бол жин хасах.
Тамхи татахгүй байх, хэрвээ татдаг бол тамхинаас гарах.


Зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хоолны дэг.

Жимс жимсгэнэ хүнсний ногоог өргөн хэрэглэх өдөрт таваас цөөнгүй удаа бага багаар хэрэглэх.
Зөв өөх тос буюу ханасан тос, (saturated).
Бор гурилан бүтээгдхүүн.
Хүнсэндээ хэрэглэдэг давсыг багасгах.
Чихрийг багасгах.
Согтууруулах ундааг хасах.
Хүнсний зүйлсийн илчлэгийг тооцон хэрэглэж сурах, биеийн жинг нэмэхгүй байх.

Эдгээр зөвлөгөөг даган мөрдвөөс та өөрийгөө болон гэр бүлээ зүрхний аюулт өвчнүүдээс сэргүүлүүлж чадах болно. Энэхүү бяцхан зөвлөгөө нь та бүгдийн эрүүл мэндийн мэдлэгт дуслын төдий ч атугай хур хайрлана гэдэгт найднам. Хэрэв таны биед зүрхний өвчний зовиур шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж, хяналтанд орж эмчлүүлэх онц чухал гэдгийг анхаараарай. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь үргэлж ямагт тустай байх болно.

Бичсэн: Эм Зүй-RuBy105 | цаг: 20:08 | Эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 103 удаа уншигдсан.



:-)
 
xaax